Дотоод журам

2016-05-26

Захирлын  2014 оны 03-р сарын 18-ны өдрийн

                   36 тоот тушаалаар шинэчлэн батлав.

ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН ДЭЭД

СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРАМ 

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. ОУЭЗБДС-ийн хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай багц хууль, холбогдох бусад хууль тогтоомж, ОУЭЗБДС-ийн дүрмийн хүрээнд тус сургуулийн захиргаа болон багш, ажилтан /цаашид ажилтан гэх/ -ны хоорондын хөдөлмөрийн харилцааг сургалт, эрдэм шинжилгээний онцлог нөхцөлд тохируулан зохицуулах,  хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын бүтээмж, цаг ашиглалтыг сайжруулахад оршино.

1.2. Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн аливаа асуудлыг Сургуулийн захиргаа Монгол Улсын хөдөлмөрийн  хууль, сургуулийн удирдах зөвлөлийн тогтоол шийдвэр, сургуулийн дүрэм, бусад хууль тогтоомжийг үндэслэн   энэхүү дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.

1.3. Энэ журмын биелэлтэнд үүсгэн байгуулагчид, удирдах зөвлөлийн гишүүд, захиргааны зөвлөлийн гишүүд, профессор багш, ажилтан оюутан, суралцагчид хамтын хяналт тавина.

1.4. Дотоод журмыг тус сургуулийн нийт ажилтан чанд мөрдөх үүрэгтэй.

       ХОЁР. Ажилтныг ажилд авах болон хөдөлмөрийн гэрээг   дуусгавар болгох үндэслэлүүд

2.1.  Ажилтныг ажилд авахдаа тухайн ажилтны ажлын байранд тохирсон боловсрол, мэргэжил, мэдлэг, ажлын туршлага, зан төлөв, ажил гүйцэтгэх чадавхи, эрүүл мэнд зэргийг харгалзан үзнэ.

2.2. Сургуулийн захиргаа нь тухайн  ажилтны гүйцэтгэх ажил үүргийн хуваарь болон  дотоод  журмыг танилцуулж тухайн иргэнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр талуудын харилцан хүлээх үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, цалин урамшуулалын нөхцлийг тусгасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан эхний удаа 3 сарын туршилтын хугацаагаар авч ажиллуулна.

2.3. Багшийг ажилд авахдаа ”ОУЭЗБДС-ийн профессор, багшийг албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-ыг удирдлага болгоно.

2.4.  Ажилтантай гэрээ байгуулахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

2.4.1.   Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

2.4.2.  Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр

2.4.3.  Төрийн албан хаагчийн биеийн байцаалт

2.4.4.  Диплом, мэргэжлийн болон зэрэг, цолны үнэмлэх, гэрчилгээ

2.4.5. Нийгмийн даатгалын ба эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх

2.4.6. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын дарга, төгссөн сургуулийн удирдлагын гаргасан ажил байдлын тодорхойлолт

2.4.7.  Эрүүл мэндийн тодорхойлолт

2.4.8. Бүтээлийн жагсаалт

2.5. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа сургуулийн захирлын тушаал гаргаж, өөрт нь танилцуулж, сургуулийн дүрэм, дотоод журам, бусад холбогдох тогтоол, шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэргийг танилцуулсан байна.

2.6. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.

2.7. Ажлаас халах буюу чөлөөлөгдсөн багш, ажиллагсад, албан хаагчдад тойрох хуудас олгож, тооцоог бүрэн дуусгана. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлаас халсан үндэслэлийг тушаалд тодорхой тэмдэглэнэ.

2.8. Ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан ажилтан хариуцаж байсан эд хогшил, бичиг баримт зэргээ албан ёсоор нь хүлээлгэн өгч, тооцоог бүрэн хийж дуусгасан тохиолдолд л дараа нь уг ажилтанд нягтлан бодогч нийгмийн даатгалын дэвтрийг бичиж олгоно. Зохих үндэслэл байвал захиргаа нь ажлаас халагдсан ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэмж олгож болно.

2.9. Хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, орон тоог нэмэх, хасах, ажилтны ур чадварыг оновчтой ашиглах, түр чөлөөтэй байгаа ажилтны ажлыг хавсруулах, орлуулах, түр гэрээгээр ажиллуулах зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбогдсон бүхий л асуудлыг холбогдох албадын саналыг үндэслэн тухайн ажилтан, ажилчинтай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр Захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

2.10. Хөдөлмөрийн гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болгох асуудлыг Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 23, 37, 38, 39, 40-р зүйлийн дагуу шийдвэрлэнэ.

ГУРАВ. Талуудын эрх, үүрэг

3.1. Захиргааны эрх үүрэг

3.1.1. Ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг нарийн тодорхой тогтоож, ажил хөдөлмөр эрхлэх хэвийн нөхцлийг бүрдүүлсэн байна.

3.1.2.  Ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах байрны хэвийн нөхцлөөр хангах

3.1.3.  Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зохих нөхцлөөр хангах

3.1.4.  Цалин  хөлсний  хэмжээг тогтоож, зохих нэмэгдлийн хамт сард 2 удаа тогтоосон хугацаанд олгож байх

3.1.5.  Ажилтан ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, мэргэжил хослон ажиллах түр орлон ажиллах үед цалин хөлсийг харилцан тохиролцож олгох

3.1.6.  Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас, хор саармагжуулах бодис, нөхөн сэргээх хүнсний бүтээгдэхүүн олгох

3.1.7.  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтанд эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийлгэх, хөдөлмөрийн хүнд нөхцлийн  хөнгөлөлт эдлүүлэх

3.1.8.  Ажилтан мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх

3.1.9.  Ажилтны ар гэрт гачигдал тохиолдсон үед зохих журмын дагуу тэтгэмж олгох

3.1.10.   Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах

3.1.11.    ОУЭЗБДС-ийн багшийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх

3.1.12.   Дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухайн хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах

3.1.13.   Тамхины хяналтын тухай хуулийг ажилтнуудад сурталчилж, сургуулийн орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар, гадна орчинд тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байршуулж, хуулийн биелэлтэд нь хяналт тавина.

3.2.       Ажилтны эрх, үүрэг

3.2.1. Сургуулийн дотоод журам, багшийн ёс зүйн дүрмийг чанд сахиж, байгууллагынхаа нэр хүнд, ёс суртахууныг өндөрт өргөж явах

3.2.2. Ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хангалттай биелүүлж, санаачилгатай, шударга, үр бүтээлтэй ажиллах

3.2.3. Удирдлагаас өгсөн шийдвэр, үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж, баримт бичгийг тогтсон журмаар тогтоосон хугацаанд үнэн зөв хийж хөтөлж баталгаажуулна.

3.2.4. Мэдлэг, мэргэшил, боловсрол, ажлын ур чадвар, арга барилаа байнга дээшлүүлэх,  ажилдаа шинэлэг арга технологи хэрэглэх талаар санаачилга гарган ажиллах

3.2.5. Ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, аль   эсвэл ажлаас халагдаж тус сургуульд ажиллахгүйд хүрвэл сүүлийн 2 жилд тус сургуулийн ажилтны хувьд гадаад, дотоодын байгууллага, хувь хүний дэмжлэг тэтгэлгээр болон сургуулийн зардлаар суралцсан, мэргэжил дээшлүүлэхэд гарсан зардлыг төлж барагдуулна.

3.2.6. Сургуулийн эд хогшил, сургалтын материалыг ариг гамтай эдэлж, үр ашигтай зарцуулах ба ажлын байрны тохь тухыг   хангах, гал усны болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар санал хүсэлт гаргаж хөдөлмөрийн хэвийн нөхцөл бүрдүүлэн шударга ажиллана.

3.2.7. Ажлын цагийг хатуу баримталж ажиллах ба  багш бүр хичээл эхлэхээс 5 минутын өмнө танхимд орсон  байна.

3.2.8. Ажлын хувцас, хөдөлмөрийн болон сургалтын багаж, техник хэрэгслийг зориулалт, зохих журмын дагуу эзэмшин ашиглаж, тогтоосон хугацаанд тооллого, тооцоог хийж ажиллана.

3.2.9. Багш, ажилтан нь өөрийн  эрх ашиг, сонирхолтой холбоотой асуудлыг харъяалах алба, тэнхим, нэгжээрээ дамжуулан санал хүсэлтээ ОУЭЗБДС-ийн захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ.

3.2.10.  Багш бүр заах хичээлийнхээ өмнө сэдэвчилсэн төлөвлөгөө, стандарт хөтөлбөр, лекцийг мэргэжлийн шаардлагад нийцүүлэн боловсруулан батлуулж  хичээлээ заана.

ДӨРӨВ. Ажил, амралтын горим

4.1. ОУЭЗБДС-ийн захиргааны ажилтан, багш, ажилчдын ажлын өдөр 9.00 цагаас эхэлж 18.00 хүртэл үргэлжилнэ. Долоо хоногийн ажлын цаг нь 40 байна. Үдийн завсарлага 13.00-14.00 цагийн хооронд байна. Ажлын онцлог шаардлагаар зарим багш ажилтны өдрийн ажлын цаг өөрөөр тогтоогдож болох бөгөөд энэ асуудлыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

4.2. Профессор-багш нарын ажлын цагийг хичээлийн хуваариар зохицуулах бөгөөд  тэдний сард ажилласан хоног, илүү цагийг тэнхмийн эрхлэгч, шууд харъяалах албан тушаалтан тогтоосон хугацаанд тооцож, баталгаажуулан холбогдох албанд гаргаж өгөх бөгөөд энэ нь цалин хөлс, нэмэгдэл олгох үндэс болно.

4.3.  Захиргааны ажилтан, багш ажилчдын ажилласан цагийг сургуулийн жижүүр бүртгэж сар бүрийн 27-нд дэд захирлаар хянуулан санхүүд өгч байна. Ажил төрлийн шаардлагаар гадагшаа явсан бол хаана, ямар ажлаар, ямар хугацаагаар явсан тухайгаа жижүүрт тэмдэглүүлсэн байна.

4.4. Орон нутагт ажиллах багш, ажилтанд түүний гүйцэтгэх-ажлын батлагдсан удирдамжийг үндэслэн захирлын тушаалаар томилолт олгоно. Орон нутагт ажилласан багш, ажилтан улсын баталгаатай унаагаар зорчиж  томилолтын хугацаандаа ирж, холбогдох тооцоогоо хийж дуусгана.

4.5. Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн профессор багш, ажилтанд жил бүр ээлжийн амралт олгоно.

4.6. Профессор-багш, эрдэм шинжилгээний ажилтанд захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн бүтээлийн чөлөө олгож, ажлын байрыг хэвээр хадгална.

4.7. Эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, төрүүлсэн үр хүүхэд нь нас барах, гал, усны болон байгалийн гэнэтийн аюул осолд өртсөн тохиолдолд профессор-багш, ажилтны хүсэлтээр ажлын 14 хүртэл хоногийн цалинтай чөлөөг захирал олгоно.

4.8. Профессор-багш, ажилтны гачигдалтай байдлыг харгалзан тэнхим, нэгж, харъяалах албан тушаалтны тодорхойлолтыг үндэслэн захиргаа цалингүй чөлөө олгох бөгөөд чөлөөтэй үед нь нэг удаагийн тэтгэмж, тусламж олгох асуудлыг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

4.9. Шинэ хичээлийн жил 9 дүгээр сарын 01-нд эхэлж, дараа оны 07 дугаар сарын 01-нд дуусна. Нэг хичээлийн жил 2 улиралтай байна. Улирлын үргэлжлэх хугацаа нь сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулагдана.

4.10. Өдрийн оюутнуудын хичээл өглөө 09.00 цагт эхэлж, 90 минутаар үргэлжлэн явагдаж, 10 минутын завсарлагатайгаар хичээллэнэ. 12.10-12.40 цагт их завсарлага хийж, оройн 17.30-аас хэтрэхгүй дуусгавар болгоно.

4.11. Эчнээ сургалт 3, 5 жилийн хугацаагаар элсүүлж, жил бүрийн 10 болон 04 дүгээр сарын 01-нээс эхэлж хичээллэнэ. Энэ хугацаанд өглөө 09.00 цагт эхлэн 90 минутаар хичээллэнэ.

4.12. Номын   сангийн уншлагын  танхим  09.00-14.00 цагийн хооронд,  орой 15.00-20.00 цагийн хооронд ажиллана. Номын сангийн ажилтнуудын ажил үүргийн хуваарийг  захирал тогтоож, үйл ажиллагаанд нь хяналт тавина.

4.13. Сургуулийн захиргаа ажлаа жилээр, бусад алба, тэнхим нэгжүүд ажлаа улирлаар төлөвлөн хэрэгжүүлж, тайлан бичиж, захиргааны зөвлөлийн өмнө хамгаална.

4.14. Багш нарын ажлын цагийн ашиглалтанд захирал, сургалт эрхэлсэн дэд захирал, сургалтын алба хяналт тавьж, сар бүрийн  хичээлийн цагийн гүйцэтгэлийг сарын эцэст сургалтын албаар хянуулан баталж санхүүд өгч байна.

ТАВ. Шагнал урамшуулал, тусламж

5.1. Хөдөлмөр, сурлагын амжилт гаргасан ажилтан, багш, оюутныг сургуулийн захиргаа дараах хэлбэрээр урамшуулна.

5.1.1.  Цалинг тодорхой хувиар нэмэх.

5.1.2. Мөнгөн шагнал олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх

5.1.3. Төрийн дээд шагнал, гадаадын болон олон улсын байгууллагын шагналд  тодорхойлох.

5.1.4.  БСШУ-ны болон бусад яам, байгууллагын шагналд тодорхойлох

5.1.5. Хөдөлмөрийн гэрээ, хөнгөлөлт үзүүлэх журамд заасан бусад урамшуулал

5.1.6. Гадаад улс оронд амраах

5.1.7. Сургалтын төлбөр хөнгөлөх, нэрэмжит тэтгэлэг олгох, бусад шагнал урамшуулалд тодорхойлох

5.2. Ахмадын өдөр, цагаан сараар тус сургуульд ажиллаж байгаа өндөр настанд хүндэтгэл үзүүлж бэлэг дурсгал өгч байна.

5.3. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа  ажилтны ар гэрт гачигдал тохиолдсон үед захирлын тушаалаар буцалтгүй тусламж олгоно. Үүнд:

5.3.1.  Нөхөр нь буюу эхнэр нь нас барсан тохиолдолд   хөдөлмөрийн хөлсний доод түвшингийн 1.5 сарын  хэмжээтэй  тэнцэх мөнгөн тусламж

5.3.2.  Төрсөн болон хадам эцэг, эх, хүүхэд нь нас барахад хөдөлмөрийн хөлсний доод    түвшингийн   нэг сарын хэмжээтэй  тэнцэх  мөнгөн тусламж

5.3.3. Өөрөө 3 сараас дээш хугацаагаар өвчилж, дотоодод эмчлүүлж байгаа бол 1.5 сарын, гадаадад эмчлүүлэх бол 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж

5.3.4. Нөхөр буюу эхнэр нь 3 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд тухайн ажилтны 1 сарын цалингийн хэмжээний мөнгөн тусламжийг  тус тус нэг удаа олгоно.

                                                  ЗУРГАА. Хичээлийн байр                                                      

6.1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7,1,3; 7.1.4 дүгээр заалтыг үндэслэн сургууль, түүний гадна орчин, оюутны хичээлийн болон дотуур байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.

6.2. Сургууль, түүний гадна орчин, оюутны хичээлийн болон дотуур байранд утаат тамхи татахыг хориглоно.

6.3. Хичээлийн байранд бохь хаяхыг хатуу хориглоно.

6.4. Сургуулийн жижүүр хичээлийн байранд гадны хүнийг нэвтрүүлэхдээ гагцхүү уулзах хүн нь байгаа нөхцөлд уг хүний биеийн байцаалтыг үлдээж нэвтрүүлнэ. Хичээлийн цагаар багш, оюутантай уулзахыг хориглоно.

6.5. Сургуулийн эд хогшил, сургалтын техник хэрэгсэл зэргийг санхүү аж ахуйн албаны даргын зөвшөөрөлгүйгээр гадагш гаргахыг хориглоно. Шаардлагатай тохиолдолд авч гарах үндэслэлээ бичиж, санхүү аж ахуйн албаны даргаар цохуулан уг бичгийг эд зүйл авах хүндээ өгч, харилцан тодорхой хугацаагаар солилцоно.

6.6. Хичээлийн байранд гадуур хувцастай явах, хичээлийн цагаар чимээ шуугиан гарган бусдын суралцах, ажиллахад хүндрэл  учруулахыг  хориглоно.

6.7. Сургуулийн хичээлийн байранд багш нар тусгай хуваарь, ажиллах журмын дагуу сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад хяналт тавина.

6.8. Жижүүрүүд    рапортыг тодорхой хөтөлж, өглөө бүр Санхүү аж ахуйн албаны даргад танилцуулж гарын үсэг зуруулсан байна.

            ДОЛОО. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд  хүлээлгэх хариуцлага

7.1. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1-131.1.3-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

7.2. Сургуулийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурьдсан сахилгын шийтгэлийг захирлын тушаалаар оногдуулна:

-Сануулах

-Хөдөлмөрийн хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах

-Ажлаас халах

7.3.  Сахилгын шийтгэлтэй байх хугацаанд нь ажилтанд ямар нэгэн шагнал урамшуулал олгохгүй.

7.4. Хөдөлмөрийн хууль болон энэхүү дотоод журмыг зөрчсөн ажилтанд сургуулийн захиргаа хөдөлмөрийн хуулинд зааснаас гадна хөдөлмөрийн гэрээнд тусгасан хариуцлагыг хүлээлгэнэ.

7.5. Хичээлийн жилийн нэг улиралд багш 17, тухайн хичээлийн жилд нийтдээ 34 цагийн хичээлийг хүндэтгэх бус шалтгаанаар тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцална.

7.6. Ажилтны ажил тасалсан нийт хугацааг ээлжийн амралтнаас нь хасч тооцно.

7.7. Хичээлийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн багш, ажилтан, оюутанд сануулахгүйгээр ажлаас халах, сургуулиас хасах хүртэл арга хэмжээ авна.

НАЙМ. Бусад зүйл

8.1. Сургуулийн дүрэм, эрхэм зорилгод зарчмын өөрчлөлт орсон, Төлөөлөн Удирдах зөвлөлөөс болон профессор багш нар, хамт олны зүгээс тодорхой санал, санаачилга гаргасан нөхцөлд энэхүү дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Дотоод журмаар зохицуулаагүй хөдөлмөрийн бусад харилцааг хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээгээр зохицуулна.